2011/12/27

Монголын нохой судлалын холбооны ерөнхийлөгч Амгалан - Нохойн хоолны талаар өгөх зөвлөгөө



Хоол чанаж өгвөл юугаар ямар хоол бэлдэж өгсөн нь дээр вэ



Ихэнхи хүмүүс нохойгоо өөрсдийн бэлдсэн хоолоор хооллодог.Зарим хүмүүсийн хувьд бүр түүхий махаар ч хооллодог.Юуны өмнө яагаад түүхийгээр хооллох ёсгүй талаар.Гадаадын орнуудад 7хоногт нэг удаа түүхий мах өгч болно гэж зөвлөх ч байдаг.
Монголын мал нь бэлчээрийн мал учраас гадаадын фирмд тэжээгдсэн малтай харьцуулбал харьцангуй паразит ,шимэгч тээх нь элбэг байдаг тул малын мах түүхийгээр өгч байгаа үед хорхойтох нь маш их байдаг.Хорхойтсон нохой амархан өнгө зүсээ алдана.Гэхдээ хорхойтсон нохой болгон заавал их турдаг гэж ойлгож болохгүй.Тэдгээр нохойн биенд шимэгчлэн амьдрах чадвартай шимэгчдийн зарим нь хүнд халдах боломжтой тул эрсдэлгүй байлгах үүднээс заавал болгосон хоол өгч байхыг зөвлөе.Цэвэрхэн орчинд ,золбин нохойтой ойртуулахгүйгээр ,түүхий мах сүү өгөхгүй тэжээж байгаа эрүүл нохойд паразит өөрөө үүсчихгүй учраас хорхойн тухай санаа зоволтгүй байж болно. Болгосон хоолноос манайд хамгийн их элбэг нохойд өгдөг нь шар будаа байдаг.Гурвалжин будаа ,хөц будаа зэргийг мөн нохойд өгч болно .Цагаан будааг удаан хугацаагаар өгөхөд тохиромжгүй байдаг. Шар будаа хамгийн их чанахад сайн өсдөг тэжээллэг .Гэхдээ анх гөлөг гэртээ авчираад хараахан гадаа гарч шээж сураагүй үед нь шар будаа идүүлж байхад шээс нь элбэгшээд байдгийг анхаараарай.Бас нэг хүмүүсийн анзаардаггүй сул тал бол дулаан улиралд дотор махыг шар будаатай холиж чанаад нохойд өгөх гээд хөргөж байх тэр үед хоол маань дотроо исчихдэг асуудал юм.Ингэж иссэн хоолыг идсэн жижиг гөлөгнүүд бол маш амархан хордлогонд ордог.Харамсалтай нь яг ийм байдлаар зуны улиралд олон гөлөг хордож энддэг.Үүнээс сэргийлэх хамгийн сайн арга нь шар будааг тусад нь агшаагаад махаа мөн тусад нь чанаад хөрөнгүүт нь идүүрт холиж өгөх юм Мөн шар будааг дулаан цагт дотор биш гадар махтай холиж чанаж өгвөл хурдан исэхгүй.Гэхдээ чанасан хоолыг аль болох хурдан хөргөхийн тулд сүүдэр сэрүүн газарт жижиг савнуудад таслаж тавиад хөргөхийг хичээгээрэй.Дотор махнаас элгийг удаан хугацаагаар нохойнд өгөх сайн биш гэж үздэг.Хэдийгээр элэг маш өндөр А витамины агууламжтай боловч нохойд удаан хугацаагаар өгөхөд баас шингэрэх харлахаас гадна биен дэхь кальцийг гадагшлуулах аюултай гэж үздэг.Тодорхой хэмжээгээр хааяа өгөхөд сайн .Хамгийн тэжээллэг нь гүзээ.Гэхдээ гүзээг чанахад ч гэсэн сул тал бий.Чанаж байхад маш их үнэртэй учираас ялаа маш их шавдаг . Дотор махыг аль алинаас нь холиод мах худалдаалж байгаа газруудын хажууд байдаг машиндах цехүүдэд машиндуулаад хөлдөөж хэрэглэхэд зүгээр.Өрцний мах мөн сайн хоол болдог. Хүмүүсийн иддэг хоолноос нохойд өгч болох боловч давсны хэмжээ ихэддэг.Мөн халуун ногоо нохойнд өгөх муу байдаг.Нохойн ходоод төмсийг боловсруулж чаддаггүй бүхлээрээ гардаг тул төмс өгөхгүй байхыг сануулья Нохойнд өгч байгаа хоолыг усаар шингэлж өгч болохгүй.Хоолны өтгөн шингэн нь шинэхэн тараг шиг халбага гозойхоор байвал хамгийн сайн ..Ялангуяа зуны улиралд нохойд ус байнга хажууд нь байх ёстой.1-сартай гөлгөнд өдөрт 6 удаа ,Сар хагасаас 5 удаа,2 сараас 4 удаа,3 сартайгаас 3 удаа , 6-7 сартайгаас өдөрт 2 удаа хооллоно. Нас гүйцсэн нохой зуны улиралд өдөртөө ганцхан удаа л хоол иддэг . Нэг сартай гөлөг авчихаад өдөрт 2 хон удаа хооллож байгаатай таарч байсан.Ийм тохиолдолд гөлөг хэвийн өсч чадахгүй бие нь эрс давжаардаг.Гөлөг хоол идэх бүртээ маш хурдтай өлөнтөж идэж байгаа бол хоолны хооронд зай нь холдсонтой холбоотой.Гөлөгний хоол хэмжээ нь их бага ямар байгааг өлөн хонхороор нь баримжаалж болно.Гөлөг хоол идээд дуусахад өлөн хонхор нь гэдэстэй чацуу нэг түвшинд байгаа бол болж байна ,харин гэдэс их цүдийсэн бол ихдэж байна гэж үзнэ.Ихдүүлснээс хоолоо шингээж чадахгүй баас шингэрдэг.Өлөн хонхор дүүрэхгүй бол хоол дутлаа гэж үзнэ гэхдээ өгч байгаа хоол өтгөн тараг шиг байх ёстойг санаарай.Хүмүүс гөлөг хооллох цаг амжихгүй гэртээ ирж чадахгүй ч юмуу шалтгаанаар нэгмөсөн их хооллочихьё гэдэг нь маш буруу .Гөлгийг их бага хооллохоос илүү хэдэн удаа өгөх вэ гэдэг их чухал байдаг.Эрүүл ,бие сайтай болгохын тулд хэт өлсүүлэхгүйгээр ходоодыг бага багаар байнга хоолтой байлгах шаардлагатай байдаг. Өдөрт нэгээс хоёр удаа тараг ааруул өгч байхад ясны бэхжилтэнд маш сайн.Сүүг нэг сар хагас хүрснээс хойш гөлөгнүүдэд өгөхөд сайн шингээж чаддаггүй баасыг нь шингэрүүлдэг тул татгалзах нь зүйтэй.

Хуурай хоолоор хооллох


Монголд хуурай хоол борлуулагчид ч хэрэглэгчид маань ч хуурай хоолны тухай мэдлэг мэдээлэл муутай байдал ажиглагддаг учраас энэ тухай мэдээлэхээр шиидлээ.Сайтны гишүүд, зочиддоо анхааруулахад манай сайтад тавигдаж буй мэдээллүүд нь гадаадын мэдээллийн хэрэгслүүдэд тавигддаг мэдээлэлтэй зарим талаар зөрж болох бөгөөд Монголын нөхцөлд тэр бүр гадаадын зөвлөмжүүд таардаггүйтэй холбоотой. Гадаадын орнуудад нохойндоо хоол чанаж өгөх тухай ойлголт бараг үгүй .Хуурай хоол нь нохой хооллох цаг ,ажиллагааг маш хэмнэж өгдөг бөгөөд нохойнд эрдэс тэжээл дутагдаж байгаа болов уу гэж санаа зовних асуудалгүй болгодог .Гэхдээ бүх хоол ийм чанартай биш учраас ялгаа ,ямар нохойнд ямар хоол өгөх яаж өгөх талаар зөвлөе. Хуурай хоолыг энгийн ,премиум , супер премиум гэж 3 ангилдаг. Энгийн хоолыг нохойг аянд авч яваа үед ,хоол хийх боломжгүй болсон үед түр зуур хооллоход л хэрэглэх зүйтэй. Премиум ангиллын хоолыг байнга өгч болох боловч нэмэгдэл витамин ,эрдэсүүд өгөх шаардлагатай байдаг . Супер премиум ангиллын хоолыг өгч байгаа бол ямар ч нэмэгдэл өгөх хориотой байдаг . Маш чанартай ,орц сайтай байдаг учраас ийм ангиллын хоол үйлдвэрлэгч компаны мэргэжилтнүүд витамин нэмэлт тэжээл өгөх аюултайг анхааруулдаг юм. Дэлхий дээр супер премиум ангиллын хоол үйлдвэрлэгч 5 компани байдаг.Монголд энэ ангиллын хоолноос зөвхөн Испаны Пурина фирмийн хоол Францын Роял Канин фирмийн хоолнууд борлуулагддаг.. Гадаадад цэвэр үүлдрийн нохой үржүүлэгч үржлийн газрууд нохойг супер премиум ангиллын хоолоор хооллодог бөгөөд үржлийн болон үзэсгэлэн тэмцээнд оролцогч нохойнууд маш чанартай хоол идэж байж өнгө зүс биеийн чийрэг эрүүл байдал нь сайхан харагдаж чаддаг. Монголд худалдаалагдаж буй бусад төрлийн хоолоор нохойгоо хооллож байгаа бол та нэмэгдэл тэжээл өгөх шаардлагатай.Нэмэгдэл тэжээл дотроос Хятад улсад үйлдвэрлэсэн олон янзаар савласан жижиг үрлэн хуурай сүүг витамин гэж худалдаалж байгааг авахгүй байхыг сануулья.Нэмэгдэл тэжээл гэхээр хүмүүс юуны түрүүнд витамин гэж ойлгодог.Уураглаг хоол тэжээлд илүү анхаарах хэрэгтэй .Хуурай хоолны өгөх хэмжээг хоол бүрийн уутан дээр бичсэн байдаг .Хоолны өгөх хэмжээг нэг удаад биш харин өдөрт өгөх хэмжээг нь заадаг .Ямар ч хуурай хоол өгсөн хажууд нь заавал цэвэр ус байнга тавих хэрэгтэй .Хуурай хоолнууд нь ихэвчлэн жижиг үүлдрийн нохой .дунд зэргийн нохой ,том нохой,үлэмж том нохойнуудад зориулагдав гэж 4 хуваагдана.Үүнээс гадна гөлгөнд зориулсан ,хээлтэй болон хөхүүл нохойнд ,нас гүйцсэн нохойд .ажлын ачаалал ихтэй нохойд зориулагдсан гэх мэтээр ялгагдах учраас өөрийн нохойн нас үүлдэр зэргийг тооцож хоолоо сонгож аваарай.Хуурай хоолыг шууд гөлөг бор хоолонд орох үед нь өгөөд сургаж болно.Мэдээж ийм тохиолдолд жижиг гөлөгний хоолыг л өгнө.Гэхдээ сайн дэвтээж өгнө.Том нохойд чанасан хоол өгч байгаад хуурай хоол өгөхөд иддэггүй тохиолдолд элбэг.Энэ нь махны амтанд орчихсон нохой өөр мах багатай хоолыг голдогтой холбоотой.Аажмаар идэж байгаа хоолонд нь бага багаар өгч нэмсээр байгаад дасгаж оруулж болно. Хуурай хоолыг том савлагаатай худалдаж авсан бол амыг нь анх онгойлгохдоо зөвхөн хутгах савныхаа хэмжээгээр жижгээр онгойлгоно.Хэт томоор онгойлгож задгай байлгаснаас хоолны үнэр,чийг гарч нохойн хоол идэх дурыг нь багасгаж болохыг анхаараарай. Чанар сайтай хуурай хоолоор хооллож байгаа үед хоолны хордлого болох асуудлыг бүрэн мартаж болно.Ялангуяа монголд нохой тэжээгчдийн дунд гөлгөө хордлого болгох асуудал элбэг байдаг.Гөлгөө наад хугацаа нь 5 сар хүртэл заавал сайн чанартай хуурай хоолоор тэжээхийг хичээгээрэй .Энэ үеийг хүртэл гөлөгний ходоод хамгийн эмзэг байдаг тул элдэв бусад хоолоор тэжээхгүй байх нь хоол боловсруулах үйл ажиллагааны хямралаас бүрэн хамгаална.

Гөлгийг хэрхэн зөв хооллох вэ


Гөлөг эхийн сүүгээ 2-3 цаг тутам хөхөж байдаг учираас эхээс нь салгасны дараа 2өдөрт 3 цаг тутам хооллоод аажмаар цагийг холтгон 2сартай гөлөгнд өдөрт 4удаа хооллохоор тааруулахад тохиромжтой.Ихээр цөөн өгөхөөс илүү багаар олон өгөх нь гөлөгний хоол боловсруулах эрхтэнд сайн хоолны шингэц сайтай байдгийг санаарай.Гөлгийг эхээс нь 40 хоногоос хойш салгаж авахыг хичээгээрэй.Анх хоолонд оруулахдаа өөхгүй махны бантан эсвэл дэвтээсэн хуурай хоол өгч эхлээд 2сар хүрснээс хойш шар будаа махтай чанаж өгч болно.Шар будаа жижиг гөлгөнд шингэц сайн биш байдаг .Банхар зэрэг зарим үүлдрийн нохойн гөлөг эхээс гараад л хэт дулаан биш сэрүүвтэр байранд байхад зүгээр байдаг Бусад үүлдрийн нохойн гөлгийг дааруулахгүйгээр 10-20 хүртэл хэмд байлгана.Үс тачир чихуахуа мэтийн тасалгааны жижиг нохойнуудын гөлөгнүүд дулаан байж өсөлт хөгжил нь хэвийн явагдана

5 сэтгэгдэл:

Anonymous said...

ahnlan tejeegchded mash heregtei medeelel baina.
Mgl_Suu_bileg

ariuk said...

bayrallaa

Anonymous said...

Баярлалаа, мэдүүштэй юм их байна. Бас банхарын талаархи нэг гоё юм уншаад, энд линкийг нь тавив:
http://ayurzana.mn/mn/index.php?option=com_content&view=article&id=106:2012-01-10-11-29-42&catid=49:2011-11-22-16-21-18&Itemid=74

Anonymous said...

www.miniinaiz.mn

batbileg drjvnjl said...

adminaa gulgund chihertei zuil bas undur ntr ugj boldog yumuu yaraltai hariu ugj tuslaach

Post a Comment

"Comment as" хэсгээс "name/URL" -ийг сонгож "name" дээр нэрээ бичин сэтгэгдэлээ үлдээхийг хүсье. Баярлалаа.